
Зовлон зүдүүрийн учир шалтгааныг ойлгох нь
Хураангуй
Олон хүн өнөөдөр бусдад ад үзэгдэж, хүчирхийллийн золиос болж байна. Есүс ч бас зовлон дүүрэн амьдралаар амьдарч байсан. Тэр бусдад тусалж, эдгээж мөн хүмүүст илүү сайн сайхан зам байдаг гэдгийг заасан. Зарим хүмүүс Түүнийг үзэн ядаж, загалмайд цовдолсон боловч гурав хоногийн дараа, Тэрээр амилж, тэнгэр дэх Эцэгтээ буцсан билээ. Энэхүү товхимол нь Есүсийн амьдрал болоод Түүний зовлон шаналал мөн эмтэрсэн зүрх сэтгэлийг анагаан эдгээх амлалтын талаар товчхон өгүүлнэ.
Төрөл
Товхимол
Хэвлэлийн газар
Sharing Hope Publications
Боломжит хэл
12 Хэл сонгох
Хуудас
6
“Дахиад л охин уу!” хэмээн нэгэн залуу дургүйлхэн хэлэв. Тэр залуугийн гэр бүл аль хэдийн хоёр охинтой байлаа. “Бидэнд охин биш, хүү хэрэгтэй байна!” Залуу өөрийн охин Чайлай-г үеэлдээ өргүүлэв. Харин Чайлай-н хувьд тэр айлд амьдрах аймшигтай байв. Өргөж авсан эцэг, эх нь “Чи сургуульд явахад дэндүү мулгуу байна” хэмээн түүн рүү хашхичдаг байлаа. Тэд Чайлайг боол мэт зарж байв. Байнга хүчирхийлэл, харгислалын дор байсаар Чайлай ичгүүр, уур бухимдлын үүлээр хучигдсан билээ. Охинд өөрийг нь хайрлаж энэрэх хүн нэг ч байхгүй мэт санагдаж байв.
Та Чайлай охиных шиг түүхийг сонсож байсан уу? Магадгүй та харгислалд өртөж, зовлон зүдгүүр үзсэн байж болох юм.
Зовлон зүдгүүр дааж давшгүй болж ирэх үед бид зугтахыг оролддог боловч тэр үед бид өөртөө болон бусдад бүр их хүндрэл учруулдаг. Заримдаа бид өнгөрсөнд хийсэн муу зүйлс маань одоогийн зовлон зүдүүрийн шалтгаан болж байна гэж бодож болох юм. Гэвч ингэж бодсоноор тайвшрал ирэхгүй. Харин илүү их айдас бухимдлыг бидэнд авчирдаг. Бидний азгүйтэл зовлон зүдүүр дуусна гэсэн найдвар бий юу?
Чайлай шиг олон сая хүмүүс Есүсийн нигүүлсэнгүй хайран дотроос итгэл найдварыг олж авсан.
Есүс гэж хэн бэ?
Эртний багш болох Есүс нэн ядуу айлд төрсөн. Есүсийг төрсний дараахан, Түүний гэр бүл амь гарахын тулд харгис хаанаас зугтаж Египетэд цагаачлав. Ёрын муу хаан нас барсны дараа, тэд Назар гэх нэр хүнд муутай тосгонд ирж суурьшжээ. Энэ бүхэн Агуу Их Багшийн хувьд тааруухан эхлэл байж болох юм.
Есүс гэдэг нь “Бурхан авардаг” гэсэн утгатай. Есүс зовж шаналж буй хүмүүсийг аврахаар энэ дэлхийд мэндлэх болно хэмээн долоон зуун жилийн өмнө зөгнөгдсөн байдаг. Есүсийн дэлхий дээр ирсэн зорилго нь үхэл болон зовлон зүдүүрийг эцэс болгоход туслах явдал байсан юм.
Есүсийн Жинхэнэ Нөхөрлөл
Христэд итгэчдийн ариун ном болох Библид Есүс маш олон удаа зовж шаналж буй хүмүүст ойртон очсон тухай түүхүүд байдаг.
Нэгэн өдөр Есүс сургаалаа зааж байх үед маш хүнд арьсны өвчтэй нэгэн эр Түүн дээр ирдэг. Түүний бие битүү шархтай байх ба түүнээс өмхий үнэр ханхалж байв. Тэрээр итгэл найдваргүй, ичгүүрт амьдралаар амьдарч байлаа. Учир нь тэрээр хийсэн алдааныхаа төлөөсийг энэ өвчнөөр төлж байна гэж боддог байв. Гэвч Есүс түүнд ойртон очоод, биед нь хүрдэг. Есүс биед нь хүрэх агшинд тэрээр эдгэсэн байв!
Өөр нэгэн түүхэнд, Есүс чөтгөрт эзэмдүүлсэн хоёр эртэй уулздаг бөгөөд тэд биеэ чулуугаар зүсэж, уйлсаар сууж байдаг. Тэд оршуулгын газар амьдардаг байв. Бузар муу сүнснүүд Есүсийг олж хараад биднээс холд гэж хэлдэг. Гэвч Есүс бузар муу сүнснүүдэд тэдний биеэс зайлахыг тушаасан. Бузар сүнснүүд тэдний биеэс гарч, хоёр эр эргэн хэвийн байдалдаа оров.
Дараа нь, Есүс нийгмээс гадуурхагдсан эмэгтэйтэй уулздаг. Тэр эмэгтэй таван удаа гэрлэсэн байсан юм. Есүс түүнтэй найрсаг харьцахыг харсан эмэгтэй ихэд гайхав. Өөрт нь итгэл найдвар өгсөн Агуу Багшийн талаар хүн болгонд хэлэхдээ тэр эмэгтэй тун баяртай байлаа.
Зовж буй Найз
Есүс ийм Агуу Эдгээгч Багш байсан юм чинь бүх хүн Түүнийг хайрласан байх хэмээн та бодож байгаа байх. Мэдээж маш олон хүн Түүнийг хайрласан. Гэвч бусад шашны удирдагч нар Есүст атаархаж Түүнийг алахын тулд хорон төлөвлөгөө найруулсан юм.
Есүс шавь нартаа би шударга бусаар буруутгагдаж алуулна гэж хэлдэг байв. Хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, хүн төрөлхтний адил зовлон эдлэх нь Бурханы төлөвлөгөө байсан юм гэдгийг Есүс тайлбарласан. Загалмай дээр нас барсныхаа дараа гурав дахь өдөр нь амилна гэдгийг хүртэл Тэрээр зөгнөсөн байдаг. Гэвч Есүсийн дагалдагч нар хайртай Багш нь зовж шанална гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд тэд Есүсийг хамгаалахад бэлэн байв.
Харамсалтай нь бүх зүйл Есүсийн хэлснээр болсон. Дагалдагчдын нэг нь өөрийн шуналдаа автагдан Есүсийг мөнгөөр худалдаж Түүнээс урвасан бөгөөд шөнө дунд олон хүмүүстэй ирж Есүсийг барьж өгдөг. Харин бусад дагалдагч нар айсандаа зугтсан байв. Хуурамч гэрчүүд Есүсийг засгийн газрыг унагахаар төлөвлөж байна хэмээн буруутгасан. Есүс буруутгагдаж, хэрцгийгээр зодуулж, модон загалмайд хадагдаж, тэсэхийн аргагүй өвдөлт дунд нас эцэслэсэн.
Зовлон Дундах Бидний Найдвар
Есүсийн цогцсыг булшинд хийх үед Есүсийн ээж болон дагалдагч нар нь Түүнийг харан уйлж байв. Цэргүүд булшыг сахиулахаар хамгаалагч нарыг байрлуулжээ. Гэвч гурав дахь өдөр нь газар асар хүчтэй хөдлөн булш нээгдэж Есүс амилав.
Есүс дагалдагч нарынхаа өмнө ирэхэд, тэд нүдэндээ итгэж чадсангүй! Хамгийн их хэрэгтэй байсан тэр үед нь Есүсийг орхин зугтсан шавь нараа Тэрээр уучилсан. Энэ дэлхийд ирсэн Түүний эцсийн зорилго нь үхэл, зовлон шаналалд цэг тавих юм гэдгийг шавь нартаа ойлгуулахын тулд Есүс шавь нартаа Библи зааж ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан юм. Есүс Өөрийн авралын ажлаа дуусгахаар дахин энэ дэлхийд ирэх ба Тэрээр хүн нэг бүрийг Түүний дахин ирэлтэд бэлэн байхыг тушаадаг. Дараа нь Есүс диваажин руу буцан явсан.
Зовлонг минь Ойлгодог Найз
Чайлайг төрөхөөс эхлээд өсөн томроход нь хэн ч дуртай байгаагүй, харин дайнаас зугтаж ирсэн дүрвэгчдийн хуаранд ажилладаг эелдэг хүмүүсээс Чайлай Есүсийн тухай олж мэдэв. Чайлай Библийн түүхүүдийг сонсож, үхэл болон зовлон шаналалд цэг тавих Бурханы төлөвлөгөөний талаар олж мэджээ. Бурхан түүнийг ичгүүр, зовлон шаналлаас нь салахад тусална гэдэгт Чайлай итгэсэн учир Бурханаас зүрх сэтгэлийг нь эдгээхийг гуйв. Бурхан түүний зовлон зүдүүр, үзэн ядалтыг уучлал болон хайраар солисон. Өнөөдөр Чайлай хүмүүст Бурханы тухай мөн Бурхан хэрхэн түүнийг ариусган, Өөрийн охиноо болгосон талаар ярьдаг.
Харин танд ямар бодол төрж байна вэ? Та Есүстэй уулзахыг хүсэж байна уу? Та Бурхантай ийнхүү ярилцаж болно:
Хүндэт Бурхан минь ээ, миний туулж буй зовлонг ойлгож байгаад тань баярлалаа. (өөрийн зовлонгоо Түүнд хэлээрэй). Биднийг зовлонгоос аврахын тулд Есүсийг бидэнд илгээсэнд баярлалаа. Миний зүрх сэтгэлийг эдгээж надад амар тайвныг мөн бусдыг уучлах зүрх сэтгэлийг өгөөч. Амен.
Хэрэв та Есүсийн тухай мөн Тэрээр хүнд хэцүү цаг үед хэрхэн тусалдаг талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал энэхүү гарын авлагын ард байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой.
Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх
Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

Онцлох хэвлэлүүд
© 2023 Sharing Hope Publications