Есүс танд, надад тусалж чадах уу?

Есүс танд, надад тусалж чадах уу?

Хураангуй

Хүн бүр амьдралдаа ганцаараа шийдэж чадамгүй асуудалтай тулгардаг. Заримдаа хэн ч бидний зовлон шаналлыг олж харахгүй байгаа мэт санагддаг боловч Бүтээгч Бурхан бүхнийг мэдэж байдаг. Бурхан биднийг зовлон шаналлаас үүрд ангижруулах төлөвлөгөөтэй байсан тул Өөрийн Хүү Есүсийг бидэнд илгээсэн. Асуудал, бэрхшээлээр дүүрэн хүмүүс Есүсээс тусламж хүсэхээр Түүнрүү эргэсэн тухай эдгээр гурван түүхэнд өгүүлэх болно. Тэдний хэн нь ч Есүсийн талаар сайн мэддэггүй байсан бөгөөд Есүс тэдэнд тусламжийн гараа сунгасны дараа л Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж эхэлсэн. Энэхүү товхимол нь хэрхэн залбирах талаар бидэнд заах бөгөөд ингэснээр бид Есүст өөрсдийн асуудал бэрхшээлээ хэлж чадах юм. Тэр бидэнд ч бас тусална!

Татаж авах

Хүндэт найз минь, ямар амьдрал туулж явааг тань мэдэхгүй ч, бид бүгд л шийдэж чадахааргүй асуудлуудтай нүүр тулгардаг.

Өвчин эмгэг. Сэтгэлийн шаналал. Ганцаардал. Донтолт. Ядуурал. Айдас. Ичгүүр ч бай, ямар ч асуудал тулгарсан танд тусалж чадах Нэгэн бий. Түүний нэр бол Есүс Христ. Маш олон хүн амьдралд нь хэцүү зүйл тохиолдох үед Христ рүү эргэж, Түүнээс тусламжийг хүлээн авсан байдаг.

Дараах гурван түүх Есүсээс тусламж хүлээн авсан Ази хүмүүсийн тухай юм. 

Шри Ланка дахь Нэгэн Залуу Ээж

Жаяа нэгэн жижиг цусны лабораторид ажилладаг байв. Түүнийг нөхөр нь орхиод явсан учир тэрээр өөрийгөө болон хүүгээ тэжээх ажилтай байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Жаяа Буддын шашинтай байсан хэдий ч, Христэд итгэгч Ана гэх даргынхаа доор ажиллахдаа дуртай байдаг байв. Удалгүй тэрээр даргатайгаа сайн найзууд болов.

Нэгэн өдөр Жаяа ажлаа хийн зогстол түүний бие маш хүчтэй өвдөж эхлэв. Түүний гар гурван удаа маш том гэгч нь зүсэгдсэн байсан ба тэрээр цус гарч байхыг хараад айсандаа чангаар хашхирав. Түүний ажлаа хийж зогссон тэр өрөөнд муу сүнсний хүч байгааг Жаяа мэдэрч байлаа.

Түүний хашхирахыг сонссон Ана гүйн ирэв. Юу болсныг Анад тайлбарлах Жаяагийн хувхай цайсан царайнаас харахад түүний айсан нь илт байв. Ана хариуд нь, “Жаяа, миний Бурханд эдгээр бузар муу сүнснүүдийг хөөх эрх мэдэл бий. Одоо хамтдаа залбирцгаая гэв.” Анаг залбирах үед амар тайван түүнийг нөмрөн авч буйг Жаяа мэдрэв. Бузар муу сүнснүүд алга болсон байлаа.

“Залбирал ямар хурдан үйлчлэв ээ, би бүр алмайрчихлаа.” хэмээн Жаяа хэлээд цааш үргэлжлүүлэн, “Даргаа таны хандан залбирсан Есүсийн талаар би илүү ихийг мэдмээр байна. Тэр залбирлыг сонсдог бас хариулдаг юм байна!”

Бангкок дахь Бизнес Эрхлэгч Эмэгтэй

Сүчин Бангкокын амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй байсан юм. Тэрээр маш хурдацтайгаар албан тушаал ахиж байлаа. Гэвч бүх зүйл амжилттай байсан гэвэл үгүй. Гэрлэнэ гэж бодож явсан найз залуугаасаа саяхан салж, одоо орь ганцаараа, сэтгэл зүрх нь шархалсан нэгэн болон хувирчээ.

Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр орчлон ертөнц түүнд хар бараан санагдаж байв. Телевизийн мэдээ үргэлж л эмгэнэлтэй үйл явдлуудын талаар ярьж, дууны үгс бас кино хүртэл амьдралын гай зовлонг өгүүлээд байгааг Сүчин анзаарч эхлэв. Сүчин энэ бүх гай зовлонгийн ард хэн нэгэн байх л ёстой гэсэн дүгнэлтэд хүрэв. Гэвч энэ дэлхийд сайн зүйлс бас бий шүү дээ? Тэгвэл сайн зүйлсийн ард ч гэсэн хэн нэгэн бий юу? Сүчинд үүний талаар мэдэх юм огт байсангүй.

Нэгэн шөнө өрөөнд нь хэн нэгэн байгааг мэдрээд Сүчин сэрчхэв. Эхлээд зүгээр л зүүд байна гэж бодсон ч, дахиад сайтар харвал орных нь хөлд хэн нэгэн зогсож байх нь тэр. Хачирхалтай нь, Сүчин айсангүй. Тэр үл мэдэгдэх зүйлийн царай тун дулаахан байсан бөгөөд гэм хоргүй, сайн Нэгэн байна гэдгийг Сүчин мэдрэв. Сэтгэл нь амарсан Сүчин ахин гүн нойронд автлаа.

Маргааш нь Сүчин тэр орой хэн өрөөнд нь зочилсон талаар бодож, түүний харсан зүйл бол Есүс байсан гэдэгт итгэлтэй болов. Есүс миний сэтгэлийн шаналлыг мэдэрсэн учраас надад туслахаар ирсэн юм байна хэмээн Сүчин боджээ. Есүсийн талаар хаанаас илүү ихийг мэдэж болох бол гэж бодсоор Сүчин Христийн сүмд явахыг үнэхээр их хүсэв. Ингээд Сүчин Христийн сүмд Библи судлаад Есүсийг таньж мөн Түүнд хэрхэн хүрэхээ олж мэдэв. Сүчин одоо дахиж ганцаардах шаардлагагүй болсноо ухаарав. 

Цөхрөнгөө барсан Эцэг, Малайз улс

Өнгөрсөн хэдэн шөнийн турш машиндаа хоносон Чен тухаа олохгүй суудал дээрээ нааш цааш эргэнэ. Тэрээр эмнэлэгт хүүгийнхээ дэргэд байхыг хүссэн боловч, эрчимт эмчилгээний тасагт зөвхөн нэг л хүнийг сахиураар хонохыг зөвшөөрдөг ажээ. 

Түүний хүү яагаад аминд нь ч хүрч мэдэх зүрхний өвчин тусчхав аа? Хэрэв түүний хүү нас барчихвал яах вэ? Цорын ганц хүүгээ алдсаны дараа амьдрал ямар байхыг төсөөлөхөд ч бэрх байв! Чений хацрыг даган нулимс урсаж байлаа. Тэрээр маш их сэтгэлийн шаналлыг мэдэрч байв. Эцэг өвгөдийнхөө сүнсэнд хандан залбирч, сүм дуганд очсон боловч ямар ч хариулт байсангүй. Гэтэл эмч Ченд хүүгийн зүрхэнд мэс засал хийсэн ч эмчлэгдэх боломжгүй гэж хэлэх нь тэр.

Чен хажуугийн суудал уруу хартал хэдэн өдрийн өмнө түүнд өгсөн Христийн сүмийн танилцуулга байв. Чен нэг их юм бодолгүй гэрлээ асаагаад танилцуулгыг уншиж эхэллээ. Тэр жижигхэн танилцуулга энэ дэлхийг бүтээсэн Нэгэний тухай буюу биднийг хайрладаг мөн бидэнд туслахыг хүсдэг Бурханы талаар байв.

Чен уншсан зүйлийнхээ талаар тунгаан бодлоо. Гэвч тэрээр үнэхээр цөхөрсөн байв. Энэ жижиг танилцуулга дээрх Бурхан тусалж чадах болов уу? “Бурхаан, Та үнэхээр байдаг юм бол би нэг л зүйлийг гуйх гэсэн юм. Миний хүүг эдгээж өгөөч! Хэрэв Та эдгээвэл, Та миний Бурхан болж, би Таныг дагах болно.”

Маргааш өглөө нь Чен хүүгийнхээ хэвтэж байсан тасаг уруу оров. Эмч, сувилагч нар хүүгийн орыг тойрон зогсоцгоож байлаа. Тэдний сэтгэл нь ихэд хөдөлж, инээмсэглэсээр хүүгийн өвчний түүхийг харж байв. Хүү эдгэсэн байлаа!

Одоо Таны Ээлж

Таны ажил дээр эсвэл сургууль дээр тань асуудал тулгараад байна уу? Та эргэн тойрныхоо хүмүүстэй зөрчилдөж байна уу? Та өвдөж бас айж байна уу? Та ганцаардаж байна уу? Та донтолт эсвэл амьдралын хүнд хэцүү зүйлсийг даван гарах хүчгүй байна уу? 

Есүс танд тусалж чадна!

Тэрээр, “Зүдэрч зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” хэмээн хэлсэн. (Матай 11:28). 

Есүс гэж хэн болохыг та сайн ойлгохгүй байж болно. Есүс гэж үнэхээр байдаг юм уу гэж гайхаж байж болно. Хэрэв та чин сэтгэлээсээ үнэнийг мэдэж, тусламж авахыг хүсвэл Есүс танд туслах болно.

Зүгээр л Түүнд хандан залбир, “Есүс ээ, та байдаг гэдэгт мөн надад тусалж чадна гэдэгт би итгэхийг хүсч байна. Та бодитоор оршдог гэдгээ надад харуулж, миний.......... асуудлыг шийдэж өгөөч. Надад одоо Тань шиг Бурхан хэрэгтэй байна.”

Есүс танд заавал туслах болно. Харин та Есүсээс тусламж аваад, хэн нэгэнд Түүний тухай хэлээрэй!

Хэрэв та Есүсийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал энэхүү гарын авлагын ард байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой.

Copyright © 2023 by Sharing Hope Publications. Ашгийн бус байдлаар энэхүү ажлыг мөн зөвшөөрөлгүйгээр хэвлэж болно.
Бүх эшлэлийг Ариун Бичээс © Нийгэмлэгийн Ариун Библи 2013 © хувилбараас иш татав.

Манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэх

Шинэ хэвлэл материал бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай!

newsletter-cover